Monday, May 4, 2015

Залуучуудын хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр

 Засгийн газрын 2006 оны 282 дугаар
тогтоолын хавсралт
ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
Нэг.  Нийтлэг үндэслэл
Монгол Улсын хүн амын насны бүтцийг дэлхийн бусад орны хүн амын насны бүтэцтэй харьцуулахад харьцангуй залууд тооцогдох бөгөөд 2000 оны хүн амын тооллогын дүнгээр манай улсын 5 хүн тутмын нэг нь 15–24 насны залуучууд, 2004 оны байдлаар нийт хүн амын 39.5 хувь нь 15-34 насны залуучууд байна.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 1985-1995 оныг Залуучуудын арван жил болгон зарласан бөгөөд 1995 онд НҮБ-аас дэлхийн залуучуудын үйл ажиллагааны хөтөлбөрийг баталсан нь дэлхий нийтээрээ залуучуудын асуудлыг үр дүнтэй шийдвэрлэх, тэдний нийгмийн оролцоог дээшлүүлэх боломжийг улам бататгасан юм.
Манай улс зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжин орсон шилжилтийн жилүүдэд өсвөр үе, залуучуудыг хөгжүүлэх талаар хэд хэдэн бодлогын баримт бичиг, хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байна. Тухайлбал Монголын залуучуудын үндэсний хөтөлбөр, Залуучуудын хөгжлийн асуудлаар Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтран ажиллах ойлголцлын санамж бичиг, Хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөр, "Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого" зэргийг дурдаж болно. 
  Монгол Улсын Засгийн газраас 1998 оныг "Залуучуудын", 2002 оныг "Оюутны жил" болгон зарлаж залуучуудын санаачилгыг өрнүүлэхэд ач холбогдол бүхий олон үйл ажиллагааг хэрэгжүүлж багагүй амжилтад хүрсэн.
Мянганы дээд хэмжээний чуулга уулзалтаас 21 дүгээр зуунд дэлхийн улс орнууд хөгжлийн төлөө хамтран ажиллахаар баталсан "Мянганы хөгжлийн зорилтууд"-ын нэлээд нь нийгмийн хөдөлгөгч хүч залуусын амьдралтай шууд холбоотой асуудал бөгөөд тэдний идэвхтэй оролцоогүйгээр хэрэгжүүлэх, үр дүнд хүрэх бололцоогүй юм.
Иймд залуучуудын нийгмийн амьдралд оролцох оролцоог нэмэгдүүлж, нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах идэвхтэй иргэн болгон төлөвшүүлэх бодлогыг дэлхий нийтээр баримтлах боллоо. Энэ нь хөгжиж буй улс орны хүн амд залуучуудын эзлэх хувь нэмэгдсэн, дэлхий нийтийн хөгжилд даяарчлалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болж, залуучуудын санаа бодлыг сонсож, шийдвэр гаргах болон хөгжлийн үйл явцад тэдний идэвхтэй санаачилга, дуу хоолой, оролцоог хангах, эрхэд суурилсан хандлагыг хэрэгжүүлэх шаардлага гарч байгаатай холбоотой.
Монголын залуучуудын үндэсний хөтөлбөрийг 1998-2005 онд хоёр үе шаттайгаар  хэрэгжүүлсэн бөгөөд хөтөлбөрийн хүрээнд залуучуудын эрүүл мэндийг сайжруулах, тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, чөлөөт цагийг зөв боловсон, үр бүтээлтэй өнгөрүүлэх нөхцөл бололцоог бүрдүүлэх, олон улсын хэмжээнд өрсөлдөх чавдар бүхий мэдлэг, боловсрол эзэмшүүлэх, мэдээллийг цаг үеэсээ хоцролгүй хүртэх боломж нөхцөлийг нэмэгдүүлэх  зэрэг арав гаруй багц үйл ажиллагааг хэрэгжүүлж ирсэн.
Гэвч хөтөлбөрийн хэрэгжилтийн хугацаа дууссан, Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого, Гэр бүлийн хөгжлийн талаар баримтлах бодлого, Жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр, Нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний хөтөлбөр зэрэг залуучуудын хөгжлийн асуудлыг хөндсөн бодлого, хөтөлбөр шинээр батлагдсантай холбогдуулан тус хөтөлбөрийг шинэчлэн боловсруулах шаардлага гарсан болно.
Хөтөлбөрийн төслийг НҮБ-ын Хүн амын сан, Хүүхдийн сантай хамтран зохион байгуулсан "Өсвөр үе, залуучууд хөгжилд" Үндэсний чуулганаар хэлэлцүүлж, гаргасан саналыг  тусгасан болно. 
Хоёр. Хөтөлбөрийн зорилго, хугацаа, зарчим, санхүүжилт
2.1. Хөтөлбөрийн зорилго нь залуучуудын өөрийнхөө төлөө болон нийгмийн төлөө хүлээх хариуцлагыг дээшлүүлэх, хөгжих, эрх ашгаа хамгаалах, нийгэм, улс төр, эдийн засаг, соёлын амьдралд оролцох оролцоог өргөжүүлэх ээлтэй орчинг бүрдүүлэх замаар чадварлаг, бүтээлч, ёс суртахуунтай, боловсролтой, соёлтой иргэн болж төлөвших, тэдний улс орныхоо хөгжилд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэхэд оршино.
2.2. Хөтөлбөрийг 2015 оныг дуустал дараахь үе шаттайгаар хэрэгжүүлнэ:
Нэгдүгээр үе шат:                2007-2008
Хоёрдугаар үе шат:            2009-2012
Гуравдугаар үе шат:           2013-2015
Хөтөлбөрийн үе шат бүрийн төгсгөлд үр дүнгийн үнэлгээ хийж, шаардлагатай бол хөтөлбөрт нэмэлт, өөрчлөлт оруулж болно.
2.3. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ дараахь зарчмыг баримтална:
-Мянганы хөгжлийн зорилт, үндэсний хэмжээний бодлогын баримт бичгийг үйл ажиллагаатай нягт уялдуулна;
-Өсвөр үе, залуучуудын сонголтыг хүндэтгэн, тэднийг  хариуцлагатай, бүтээлч иргэн болгон төлөвшүүлэх үйл ажиллагааг дэмжинэ;
-Өсвөр үе, залуучуудад ялгаварлалгүй, тэгш, цогцоор хандах таатай орчинг бүрдүүлнэ;
-Үе тэнгийнхэн, гэр бүл, хамт олон, төрийн болон төрийн бус байгууллага, өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж, иргэний нийгэм, олон улсын байгууллага, гадаад, дотоодын хандивлагчдын өсвөр үе, залуучуудын төлөөх хүсэл эрмэлзэл, харилцан итгэлцсэн түншлэл, хамтын ажиллагаанд тулгуурлана.
2.4. Хөтөлбөрийн санхүүжилтийг дараахь эх үүсвэрээс бүрдүүлнэ:
-улс, орон нутгийн төсвөөс хуваарилсан хөрөнгө;
-олон улсын байгууллага, хандивлагч орны тусламж, хандив;
-гадаад, дотоодын төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн хандив, тусламж;
-бусад эх үүсвэр.
Гурав. Хөтөлбөрийн зорилт, хэрэгжүүлэх
      үйл ажиллагааны чиглэл
А. Нийгмийн амьдралд өсвөр үе, залуучуудын оролцоог дээшлүүлэх талаар
Зорилт 3.1. Мэдлэгт тулгуурласан, чанартай боловсрол нь aмьжиргааг сайжруулах, зөв дадал, зуршил хэвшүүлэх гол хэрэгсэл гэсэн ойлголт, хандлагыг өсвөр үе, залуучуудад төлөвшүүлэх ээлтэй орчинг бүрдүүлнэ.
3.1.1. "Үе тэнгийн багш" хөдөлгөөнийг өрнүүлж, бичиг үсэг үл мэдэгчдэд зориулсан албан бус сургалтыг өргөжүүлэх;
3.1.2. Үндэсний цөөнх, шилжин суурьшигч, тэнэмэл, ядуу, хөгжлийн бэрхшээлтэй залуучуудын тусгай хэрэгцээт боловсролын судалгааг хийж, тэдэнд боловсрол эзэмшүүлэх ажлыг олон нийтийн санал санаачилгад тулгуурлан зохион байгуулах;
3.1.3.     Боловсролын салбарын жендэрийн ялгааг арилгахад чиглэсэн өсвөр үе, залуучуудын санаачилгыг дэмжин ажиллах;
3.1.4.     Оюутны дадлага, диплом, курсийн ажил, бүтээлд дэвшүүлсэн оновчтой санаачилгыг дэмжин практикт нэвтрүүлэх чиглэлээр уралдаан зарлах, үзэсгэлэн, яармаг зохион байгуулах үйл ажиллагааг дэмжих;
3.1.5.     Гоц авьяастай, оюуны өндөр чадвартай өсвөр үе, залуучуудыг сургах, оюуны бүтээлийг нь дэмжих санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх;
3.1.6.     Сургууль завсардсан болон хөдөөгийн өсвөр үе, залуучуудын боломж, нөхцөлд тохирсон зайны, албан бус болон ур чадварын /эрхийн бичгийн/ сургалтыг өргөжүүлэх;
3.1.7.     Номын сангийн үйлчилгээг өсвөр үе, залуучуудад ойртуулах, хялбаршуулах, цахим хэлбэрийг нэвтрүүлэх, музей, номын санг тухайн чиглэлийн сургалт, мэдээллийн төв болгох, залуу хүмүүсийг хамруулах талаар олон улсын байгууллага, хандивлагчтай хамтран ажиллах;
3.1.8.     Өсвөр үе, залуучуудыг өөрийгөө илэрхийлэх, биеэ зөв авч явах чадвартай болгон төлөвшүүлэх манлайлал, харилцаа, илтгэх ур чадварт суралцуулах иргэний нийгмийн байгууллагын санаачилгыг дэмжих.
Зорилт 3.2. Залуу хүн бүрийг хөдөлмөрийн зах зээлд хөрвөх чадвартай, эдийн засаг, нийгэм, бизнесийн хэрэгцээ шаардлагад нийцсэн мэргэжилтэй боловсон хүчин болгон хөгжүүлэх сургалтын орчинг бүрдүүлнэ.
3.2.1.     Залуучуудад мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтын үйл ажиллагааг дэмжин дэлгэрүүлэх;
3.2.2.     Залуучуудыг мэргэших, давхар мэргэжил эзэмшихэд дэмжлэг үзүүлэх;
3.2.3.     Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөөс Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд элсэгчдийн хувь, хэмжээг нэмэгдүүлэх замаар нарийн мэргэжлийн ажилтан бэлтгэх, тэдэнд зориулсан ажлын байрыг бий болгох, захиалгаар сургах, энэ чиглэлээр суралцагчдад хөнгөлөлт үзүүлэх, урамшуулах талаар аж ахуйн нэгж, байгууллагаас гаргасан санал санаачилгыг дэмжих;
3.2.4.     Улс орны хөгжил, зах зээлд тэргүүлэх ач холбогдол бүхий ажил, мэргэжлээр суралцах залуучуудад хөнгөлөлт үзүүлэх болон ажлын байр, цалин хөлс, нийгмийн баталгаагаар хангах үйл ажиллагааг дэмжих;
3.2.5.     Мэргэжлийн боловсрол эзэмшээд мэргэжлээрээ үр бүтээлтэй ажиллаж байгаа залуучуудыг үргэлжлүүлэн сургах, дадлагажуулах талаархи ажил олгогчийн санаачилгыг дэмжих;
3.2.6.     Залуучууд ажиллахын зэрэгцээ өөрийн авьяас, сонирхолд тохирсон хэлбэрээр мэргэжлийн боловсрол эзэмших "Олон нийтийн нээлттэй их сургууль" байгуулан ажиллах санал санаачилгыг дэмжих.
Зорилт 3.3. Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дээшлүүлж, ажилгүйдлийн түвшинг тогтвортой бууруулахад хувь нэмэр оруулна. 
3.3.1.     Хөдөлмөрийн зах зээлийн байдалд судалгаа хийж түүнийг мэдээлэх цахим хөдөлмөрийн биржийг байгуулан ажиллуулах замаар ажил олгогч хэрэгцээт ажилтныг авах, сул чөлөөтэй ажлын байр зарлах, залуучууд ажил, мэргэжил сонгох боломж, хүртээмжийг бүрдүүлэх;
3.3.2.     Оюутан, залуучуудыг богино хугацаагаар болон гэрээгээр, гэрээр ажиллуулах зуучлалын үйлчилгээг өргөжүүлэх, ялангуяа залуучуудын оролцоотой байгуулагдсан  хөдөлмөрийн биржийг дэмжих;
3.3.3.     Сайн дурын ажил, үйлчилгээг хөгжүүлэх, энэ чиглэлээр ажиллаж байсан залуучуудыг эхний ээлжинд ажлын байраар хангах боломжийг бүрдүүлэх;
3.3.4. Засан хүмүүжүүлэх газраас суллагдсан, тэнэмэл амьдралтай, шилжин суурьшсан, удаан хугацаагаар хөдөлмөр эрхлээгүй "итгэл алдарсан" ажилгүй залуусыг дэмжсэн хөтөлбөр, үйл ажиллагааг дэмжиж, тэднийг ажлын байр, орон сууцаар хангасан байгууллага, ажил олгогчийг дэмжин урамшуулах;
3.3.5.     Албан бус салбарт хөдөлмөр эрхэлж байгаа, түүнчлэн хөдөлмөр эрхлээгүй залуучууд хөдөлмөрөө хоршин зохион байгуулалттайгаар хөдөлмөр эрхлэх санал санаачилгыг дэмжин, тухайн чиглэлийн мэдээллээр хангах;
3.3.6.     Хууль бусаар гадаадад зуучлах зар, сурталчилгаа, хөдөлмөрийн харилцаан дахь шууд болон шууд бус ялгаварлал, ажлын байран дахь бэлгийн өнгөлзлөг, дарамтлал, нэр хүндэд халдаж байгаа талаархи мэдээллийг нээлттэй болгох, хяналт тавих, улмаар түүнийг арилгах арга хэмжээг залуучуудын оролцоотойгоор зохион байгуулах;
3.3.7.     "Мянганы зам" зэрэг үндэсний болон орон нутгийн хэрэгцээ шаардлагад нийцсэн хөдөлмөрийн багтаамж ихтэй ажилд залуучуудын оролцоог хангах.
Зорилт 3.4. Өсвөр үе, залуучуудын онцлог, хэрэгцээнд нийцсэн нийгмийн хамгааллын үйлчилгээг нийгэм, хамт олны оролцоонд тулгуурлан хөгжүүлнэ.
3.4.1.     Эрүүл мэндийн болон нийгмийн даатгалд залуусыг бүрэн хамруулах, ялангуяа ажил эрхэлдэггүй, хүнд нөхцөлд амьдардаг залуучуудыг даатгалд хамруулах хөдөлгөөн өрнүүлж мэдээллээр хангах, сурталчилгааг өргөжүүлэх;
3.4.2.     Хүнд нөхцөлд амьдарч байгаа өсвөр үе, залуучуудыг нийгэмшүүлэх, хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр нийгэм, хамт олонд түшиглэсэн халамж, асрамжийн үйлчилгээг оновчтой, олон нийтэд нээлттэй, үйлчлүүлэгчдэд нийцтэй байдлаар үе тэнгийхэн болон сайн дурынхны оролцоотойгоор зохион байгуулах;
3.4.3.     Хүүхдээ асарч байгаа залуу эцэг, эхэд зориулсан халамжийн тусламж, тэтгэмжийг залуучуудад зориулсан хөгжлийн тусламж болгон шинэчлэх талаар холбогдох хууль тогтоомж, хөтөлбөрт өөрчлөлт оруулах асуудлыг судлах;
3.4.4.     Гадаадад хөдөлмөр эрхэлж байгаа залуучууд хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлага хангасан нөхцөлд ажиллах, нийгмийн даатгал, хамгааллын үйлчилгээнд хамрагдах асуудлыг шийдвэрлүүлэх.
Зорилт 3.5. Залуучуудын төлбөрийн чадвар, сонирхолд нийцсэн орон сууцаар хангах төрийн бодлогыг хэрэгжүүлэх санал санаачилгыг дэмжих орчинг бүрдүүлнэ.
3.5.1.     Залуу гэр бүлийг бие даан амьдрах, орон байртай болоход шаардлагатай мэдээллээр хангах, зөвлөгөө өгөх үйлчилгээг хөгжүүлэх;
3.5.2.     Орон байрны нөхцөлөө сайжруулах талаар техник, санхүүгийн боломж, ур чадвараа нэгтгэн хамтран ажиллах залуучуудын санал санаачилгыг дэмжих талаар нутгийн захиргааны байгууллагын үүрэг, хариуцлагыг сайжруулах;
3.5.3.     Хямд төсөр материал ашиглан шинээр орон байр барих, нөхцөлөө сайжруулах талаар залуучуудын гаргасан туршлагыг нэвтрүүлэх ажлыг төрийн бус байгууллагын оролцоотой зохион байгуулах;
3.5.4.     Залуучуудыг орон сууцаар хангах, нөхцөлийг нь сайжруулах чиглэлээр хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, зээл олгох, хүүгийн хөнгөлөлт үзүүлэх, ипотекийн зээлийн үйлчилгээг хөгжүүлэх;
3.5.5.     Хот төлөвлөлт, газар зохион байгуулалт, орон сууцны хороолол дахь дэд бүтцийг сайжруулах, тоглоом, урлаг, спортын талбай байгуулах үйл ажиллагаанд өсвөр үе,  залуучуудыг оролцуулах.
Зорилт 3.6. Хөдөөг хөгжүүлэх залуучуудын санал санаачилгыг дэмжих орон нутагтаа үр бүтээлтэй амьдрах орчинг бүрдүүлэх замаар хөдөөгөөс хот руу чиглэсэн шилжих хөдөлгөөний эрчимжилтийг сааруулна.
3.6.1.     Орон нутгийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн "Шинэ үеийн илгээлтийн эзэн" хөдөлгөөнийг өрнүүлэх талаар залуучуудын төрийн бус болон орон нутгийн засаг захиргааны байгууллага хамтран ажиллах; 
3.6.2.     Орон нутгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулж, үр бүтээлтэй ажиллаж байгаа залуучуудыг алдаршуулах, урамшуулах, хөнгөлөлт үзүүлэх журам гарган хэрэгжүүлэх;
3.6.3.     Аймаг, сумын Хөдөлмөр эрхлэлтийн алба, төрийн болон төрийн бус байгууллага, сонирхлын бүлгүүдээр дамжуулан залууст бизнес, менежмент, маркетинг, эрх зүй, санхүүгийн анхан шатны боловсрол олгох сургалтыг зохион байгуулах;
Зорилт 3.7. Залуучуудын ядуурлыг бууруулах, амьжиргааг дээшлүүлэх санал санаачилгыг дэмжих таатай орчинг бүрдүүлнэ.
3.7.1.     Ядуу байхаас зайлсхийх сэтгэлгээг төлөвшүүлэх, амьжиргааг дээшлүүлэх, амьдралд гарч болох эрсдэлээс хамгаалахад чиглэсэн мэдээлэл, сурталчилгаа, үйл ажиллагааг өсвөр үе, залуучуудын оролцоо, дэмжлэгтэйгээр эрчимжүүлэх;
3.7.2.     Амьжиргааны баталгаажих доод түвшингээс доогуур түвшинд амьдарч байгаа болон ядууралд өртөж болзошгүй өсвөр үе, залуучуудыг хамгаалах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн оролцоог дэмжих;
3.7.3.     Залуучуудын оролцоотой жижиг болон дунд бизнесийг өргөжүүлэх, "барьцааг орлуулах" системийг судлах, "Нэг суурин-нэг бүтээгдэхүүн" хөдөлгөөнд залуучуудын оролцоог хангах;
3.7.4.     Өмч болон эдийн засгийн харилцааны талаархи өсвөр үе, залуучуудын ойлголт, мэдлэгийг сайжруулах, бизнес эрхлэх зөвлөгөө өгөх "Бизнес мэдээллийн төв"-ийг залуучуудын оролцооны байгууллагатай хамтран байгуулах;
3.7.5.     Үл хөдлөх хөрөнгийн зуучлалын үйлчилгээг мэдээллийн шинэ технологи ашиглан шуурхай үзүүлэх арга хэлбэрийг дэмжих;
3.7.6.     Залуучууд, оюутны хотхонд хүүхдийн цэцэрлэг, худалдаа, үйлчилгээ, интернет кафе, шуудангийн болон ахуйн үйлчилгээ эрхлэх санал санаачилгыг дэмжих;
3.7.7.     Бичил аж ахуйн нэгжийн чадавхийг бэхжүүлэх хүрээнд бизнес инкубаторын үйл ажиллагааг залуучуудад сурталчлах.
Зорилт 3.8. Залуу гэр бүлд амьжиргаагаа дээшлүүлэх, хүүхдээ хүмүүжүүлж хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх арга хэмжээг тэдний оролцоонд тулгуурлан хэрэгжүүлнэ.
3.8.1.     Гэр бүлийн хөгжлийн төвийг байгуулан ажиллуулах санал санаачилгыг дэмжин түүний үйлчилгээнд залуу гэр бүлийг хамруулах, өсвөр үе, залуучуудын үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх асуудлаар зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлэх;
3.8.2.     Гэр бүл болсон залуучуудад бие даан амьдрахад нь дэмжлэг үзүүлэх урт хугацааны зээл, лизингийн үйлчилгээг өргөжүүлэх, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагыг дэмжих;
3.8.3.     Залуучуудын дунд өсөн нэмэгдэж байгаа гэр бүлийн "хамтран амьдрах" хэлбэрийг холбогдох хууль тогтоомжид тусгах, хамтын хариуцлагыг өндөржүүлэх;
3.8.4.     Залуу гэр бүлийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудалд онцгой анхаарал хандуулж, хүүхэдтэй байхыг дэмжих эдийн засгийн механизм бий болгох.
Зорилт 3.9. Өсвөр үе, залуучууд, ахмад үеийнхний залгамж холбоог бэхжүүлэх санал санаачилгыг хөхиүлэн дэмжинэ.
3.9.1.     Өсвөр үе, залуучуудыг амьдралд бэлтгэхэд ахмад үе, эцэг, эхийн оролцоог чухалчлах;
3.9.2.     Өсвөр үе, залуучуудыг удам угсаагаа мэдэх, угийн бичиг хөтлөх талаар мэдээлэл, сурталчилгааг эрчимжүүлэх;
3.9.3.     Байгаль орчныг хамгаалах ардын зан үйлийг залууст төлөвшүүлэх санаачилгыг дэмжих;
3.9.4.     Эцэг эх, үр хүүхдийн хоорондын харилцааг нээлттэй байлгах, ялангуяа эцгийн үлгэр дууриаллыг нэмэгдүүлэх талаархи орчин үеийн хандлагыг төлөвшүүлэх;
3.9.5.     Малчин залуучуудыг амьдрах ухаан, мал маллах арга ажиллагаанд сургах үйл ажиллагааг дэмжих.
Зорилт 3.10. Өсвөр үе, залуучуудын авьяас чадварыг дэмжин, соёл урлаг, спортын арга хэмжээнд оролцох, түүх, соёл, уламжлалт зан заншлаа хамгаалан хөгжүүлэхэд оролцох боломжийг өргөжүүлнэ.
3.10.1  Бүх шатны сургууль, аж ахуйн нэгжээс зохион байгуулж байгаа урлаг соёл, спортын арга хэмжээнд өсвөр үе, залуучууд оролцох, эдгээр арга хэмжээг залуучуудын зүгээс зохион байгуулахыг дэмжих;
3.10.2  Түүх, соёлын өвөө хамгаалах, эх оронч үзэл, уламжлалт зан үйлийг хөгжүүлэхэд өсвөр үе, залуучуудын оролцоог хангах;
3.10.3  Ардын урлаг, уламжлалт тоглоом, наадгайг  хөгжүүлэх хөдөлгөөн өрнүүлэхэд залуучуудын оролцоог хангах;
                                                                                                
3.10.4  Өсвөр үе, залуучууд, оюутны спорт, урлагийн наадмыг зохион байгуулах залуучуудын санал санаачилгыг дэмжих.
Б. Өсвөр үе, залуучуудад хорт зуршил, өвчлөлөөс сэргийлэх
зан үйлийг төлөвшүүлэх талаар /эрүүл залуу үе/
Зорилт 3.11. Өсвөр үе, залуучуудыг ариун цэвэр болон эрүүл ахуйн зөв дадал хэвшилд сургах, аливаа өвчнөөс сэргийлэх, эрүүл хооллох, эрүүл мэндээ хамгаалах залуучуудын мэдлэгийг дээшлүүлнэ.
3.11.1.                        Хамт олон, суралцагчид, ажиллагсдын эрүүл мэндийг хамгаалах, өсвөр үе, залуучуудад ээлтэй эрүүл орчинг бүрдүүлэх талаар "Эрүүл мэндийг дэмжигч байгууллага" болох хөдөлгөөнийг өргөжүүлэх;
3.11.2.                        Осол гэмтлээс өөрийгөө болон бусдыг хамгаалах чиглэлээр мэдлэг олгох сургалтыг сургууль, байгууллага, хамт олон, өсвөр үе, залуучуудын дунд явуулах, холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллах;
3.11.3.                        Урлаг, биеийн тамир, спортын цогцолбор, цэнгэлдэх хүрээлэн зэрэг өсвөр үе, залуучууд олноор цуглардаг үйлчилгээний газарт гарч болзошгүй осол, аюулаас сэргийлэх санамж, зааварчилга байрлуулах, зөв хооллох, амрах, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх чиглэлээр эрүүл мэндийн боловсрол олгох сурталчилгааны материалыг боловсруулан түгээх;
3.11.4.                        Бүх шатны сургуулийн сургалтын хөтөлбөрийн эрүүл мэндийн боловсрол олгох хичээлийн үр нөлөөнд үнэлгээ хийж, боловсронгуй болгох арга хэмжээг өсвөр үе, залуучууд, эцэг, эх, сурган хүмүүжүүлэгч, сургуулийн удирдлагын оролцоотойгоор хэрэгжүүлэх;
3.11.5.                        Байгалийн гаралтай, илчлэг ихтэй, иод болон амин дэмээр баялаг хүнсний бүтээгдэхүүнийг өргөн хэрэглэх дадал хэвшлийг төлөвшүүлэхэд өсвөр үе, залуучуудын оролцоог хангах;
3.11.6.                        Өсвөр үе, залуучуудыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд сайн дураараа жилд   1-ээс доошгүй удаа орох дадлыг хэвшүүлэх.
Зорилт 3.12. Залуучуудад эрүүл зан үйлийг төлөвшүүлэхэд чиглэсэн мэдээлэл, сургалт, сурталчилгааг хөгжүүлнэ.
3.12.1.                        Өсвөр үе, залуучуудад эрүүл зан үйлийг төлөвшүүлэхэд чиглэсэн арга хэмжээг хэвлэл, мэдээллийн хэрэгслийн нийтлэл, нэвтрүүлгийн бодлого, хөтөлбөр, төлөвлөгөөнд тусгах, нийгмийн эрүүл мэнд, нийтийн биеийн тамирыг сурталчилсан сувгийг ажиллуулах арга хэмжээ авах;
3.12.2.                        Эрүүл мэндийн мэдээлэл, сургалт, сурталчилгааны ажилд байгууллага, хамт олон, залуучуудын идэвхтэй оролцох боломжийг бүрдүүлж явган аялал, зугаалга, биеийн тамирын уралдаан тэмцээн, бүх нийтийн спортын арга хэмжээг хөхиүлэн дэмжих;
3.12.3.                        Биеийн тамир, спорт, амралт, алжаал тайлах, бялдаржуулалт, бясалгалын төв зэрэг өсвөр үе, залуучуудын бие бялдар, сэтгэхүйг хөгжүүлэх үйлчилгээг хөнгөлөлттэй нөхцөлөөр үзүүлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх;
3.12.4.                        Өсвөр үе, залуучуудын нас баралтын зонхилох шалтгаан болох осол, гэмтлээс сэргийлж, замын хөдөлгөөн, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн талаархи зөв хандлагыг төлөвшүүлэх сургалт, сурталчилгааг эрчимжүүлэх;
3.12.5.                        Өсвөр үе, залуучууд өөрийгөө хамгаалах мэдлэг, ур чадвартай болох, сэтгэцийн болон бусад зөвлөгөө, үйлчилгээ өгөх ээлтэй, тохиромжтой нөхцөлийг бүрдүүлэх талаархи санал санаачилгыг дэмжих.
Зорилт 3.13. Халдварт өвчин, түүний дотор бэлгийн замаар дамжих халдвар, ХДХВ/ДОХ, сүрьеэ зэрэг өвчнөөс өөрийгөө болон бусдыг сэргийлэх зан үйлийг залуучуудад төлөвшүүлнэ.
3.13.1.                        Өсвөр үе, залуучуудын дунд нөхөн үржихүйн болон бэлгийн эрүүл мэндийн хэрэгцээ, хандлага, өөрчлөлтийн асуудлаар судалгаа хийх;
3.13.2.                        Бүх шатны сургууль, зэвсэгт хүчний болон хилийн цэргийн ангиуд зэрэг залуучууд олноор ажиллаж, сурдаг байгууллага, аж ахуйн нэгжид орон тооны эмч ажиллуулах, ХДХВ/ДОХ-ын талаар сургалт явуулах, өсвөр үе, залуучуудад ээлтэй нөхөн үржихүйн эрүүл мэндийн зөвлөгөө өгөх үйлчилгээг нэвтрүүлэх, чадавхийг бүрдүүлэх;
3.13.3.                        Хөгжлийн бэрхшээлтэй өсвөр үе, залуучуудын эрүүл мэндийн тусгай хэрэгцээг хангах нийгэм, хамт олонд түшиглэсэн нөхөн сэргээх, нийгэмшүүлэх үйлчилгээг өргөжүүлэх;
3.13.4.                        Өндөр эрсдэлтэй эмзэг бүлгийн өсвөр үе, залуучууд, түүний дотор биеэ үнэлэгч, бэлгийн цөөнх, ажил, сургуульгүй, орлогогүй залууст БЗДХ/ХДХВ/ДОХ-оос урьдчилан сэргийлэх, эрсдэлгүй зан үйлийг төлөвшүүлэхэд чиглэсэн мэдээлэл, сургалт, ХДХВ-ийн нэр хаяггүй сайн дурын шинжилгээ, бэлгийн эрүүл мэндийн зөвлөгөө авах үйлчилгээг зохион байгуулах санаачилгыг дэмжих;
3.13.5.                        ХДХВ/ДОХ-той өсвөр үе, залуучуудын эрхийг хамгаалах, нууцыг хадгалах, ялгаварлан гадуурхахгүй байх, нийгэм, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх, зөвлөгөө өгөх, эмчлэх ээлтэй орчинг бүрдүүлэх;
3.13.6.                        ХДХВ/ДОХ-оос урьдчилан сэргийлэх, асран халамжлах үйлчилгээг төлөвлөх, хэрэгжүүлэх, үнэлж дүгнэхэд залуучууд, ялангуяа ХДХВ/ДОХ-той өсвөр үе, залуучуудыг өргөнөөр оролцуулах;
3.13.7.                        Өсвөр үеийнхнийг бэлгийн харьцаанд эрт орохоос сэргийлэх, залуучуудад бэлгийн замаар дамжих халдвар болон ХДХВ/ДОХ-оос урьдчилан сэргийлэх "АВСD" зарчмыг дэмжих.
Зорилт 3.14. Өсвөр үе, залуучуудын нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдлэг боловсролыг нэмэгдүүлж, амьдрах ухааны чадварыг эзэмшүүлэх, эрсдэлгүй зан үйлийг төлөвшүүлэх.
3.14.1.                        Өсвөр үе, залуучуудын дунд нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдээлэл, сургалт, сурталчилгааны ажлыг эрчимжүүлэх;
3.14.2.                        Хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлт, эрт төрөлтөөс сэргийлэх мэдлэг, зан үйлийг өсвөр үе, залуучуудад төлөвшүүлэх мэдээлэл, сургалт, сурталчилгааг эрчимжүүлэх;
3.14.3.                        Эмзэг бүлгийн хүмүүсийг жирэмслэлтээс хамгаалах стандартын шаардлага хангасан, хямд, олдоцтой хэрэгслээр хангах, хэрэглэж сургах талаар залуучуудад ээлтэй нөхөн үржихүйн эрүүл мэндийн суурь үйлчилгээ үзүүлэх төвүүдийн үйл ажиллагааг хүртээмжтэй болгох;
3.14.4.                        Өсвөр үе, залуучуудын нас, хүйс, сэтгэхүйн онцлогт тохирсон гэр бүл төлөвлөлт, нөхөн үржихүйн эрүүл мэндийн зөв хандлага, нийтийг хамарсан ойлголтыг төлөвшүүлэх үйл ажиллагааг өргөжүүлэх.
Зорилт 3.15. Архи, тамхи, мансууруулах бодисын хэрэглээг бууруулахад чиглэсэн үйл ажиллагаанд төрийн бус байгууллага, иргэний нийгэм, өсвөр үе, залуучуудын оролцоог хангана.
3.15.1.                        Нийтээр тэмдэглэх баяр, ёслолын өдрүүдийг архи, тамхигүй зөв боловсон өнгөрүүлэх, архи, тамхины хэрэглээг бууруулах, мансууруулах бодисын хэрэглээ нэмэгдэхээс урьдчилан сэргийлэх талаар идэвхтэй ажиллаж байгаа байгууллагын үйл ажиллагааг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх;
3.15.2.                        Архидан согтуурах, тамхины хор хөнөөлөөс сэргийлэх хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд өсвөр үе, залуучууд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлж, хяналтыг өндөржүүлэх;
3.15.3.                        Архи, тамхи, мансууруулах бодисын хор уршгийг өсвөр үе, залуучууд, эцэг, эх, хамт олонд ойлгуулах, зөв хандлага төлөвшүүлэхэд чиглэсэн бүх төрлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх;
3.15.4.                        Мансууруулах бодис, архи, тамхийг тохиолдлын чанартай хэрэглэх, хэрэглэж эхлэхээс урьдчилан сэргийлэх зан үйлийг төлөвшүүлэх;
3.15.5.                        Архи, тамхи, мансууруулах бодист донтсон залуучуудыг эмчлэх, нөхөн сэргээх, хор нөлөөг бууруулах үйлчилгээг хувийн хэвшил, төрийн бус байгууллагын оролцоотойгоор хөгжүүлэх;
3.15.6.                        Мансууруулах бодис агуулдаг, сэтгэцийн үйл ажиллагаанд нөлөөлдөг эмийн борлуулалтад хяналт тавих;
3.15.7.                        Мансууруулах бодис сурталчилж байгаа хууль бус үйл ажиллагаанд хяналт тавихад иргэний нийгэм, өсвөр үе, залуучуудын оролцоог хангах;
3.15.8.                        Өсвөр үе, залуучуудыг хорт зуршлаас сэргийлэх чиглэлээр үе тэнгийн сургагч бэлтгэх үйл ажиллагааг тасралтгүй дэмжин өргөжүүлэх.
В. Аюулгүй орчинг бүрдүүлэхэд өсвөр үе,
залуучуудын оролцоо
Зорилт 3.16. Экологийн мэдлэгийг өсвөр үе, залуучуудад төлөвшүүлж, тэдний оролцоотой байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх таатай орчинг бүрдүүлнэ.
3.16.1.                        Гол горхины эх, баталгаат ундны усыг хамгаалах, зохистой хэрэглээний талаар гаргасан өсвөр үе, залуучуудын санал санаачилгыг нутгийн захиргааны байгууллагаас дэмжин хамтран ажиллах;
3.16.2.                        Байгаль орчныг хамгаалах, эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх, экологийн боловсрол олгох талаархи мэдээлэл, сурталчилгааг өсвөр үе, залуучуудын оролцоотой зохион байгуулах, хялбаршуулсан ухуулга, сурталчилгааны материалыг түгээх талаархи хэвлэл, мэдээлэл, иргэний нийгмийн байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх.
Зорилт 3.17. Гэмт хэрэг, зөрчилгүй тайван орчныг бүрдүүлэх талаар өсвөр үе, залуучуудын санал санаачилгыг дэмжин холбогдох байгууллагатай хамтран ажиллана.
3.17.1.                        Өсвөр үе, залуучуудыг гэмт хэрэгт орохоос урьдчилан сэргийлэх ажлыг хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн оролцоотой өргөжүүлэх;
3.17.2.                        Бүх шатны сургуульд суралцагсдын амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх арга хэмжээг өсвөр үе, залуучуудын оролцоонд тулгуурлан зохион байгуулах талаархи иргэний нийгмийн байгууллагын санаачилгыг дэмжин хамтран ажиллах;
3.17.3.                        Тэнэмэл хүүхдийг нийгэмшүүлэх хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх ажилд сайн дурынхан, нийгмийн ажилтантай хамтран ажиллах талаар аж ахуйн нэгж, байгууллагын санал санаачилгыг дэмжих;
3.17.4.                        Гэмт хэрэг, зөрчилд орж болзошгүй хүүхэд, залуучуудын судалгааг нутгийн захиргааны байгууллага, иргэний нийгмийн оролцоотой гаргаж тэдний зан үйлийг өөрчлөх сургалт, сурталчилгааг өргөжүүлэх;
3.17.5.                        Зөрчилтэй гэр бүлд амьдардаг өсвөр үе, залуучуудад зориулан хамтран бэрхшээлээ туулах, сэтгэл санаагаа хуваалцах бүлгийн уулзалт, чөлөөт ярилцлага зохион байгуулдаг клубийг иргэний нийгмийн оролцоотой байгууулан ажиллуулах;
3.17.6.                        Нийгмийн бүх түвшинд харилцааны эрүүл орчинг бүрдүүлэхэд иргэний нийгмийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх.
Зорилт 3.18. Гэмт хэрэгт өртсөн өсвөр үе, залуучуудыг нийгэмшүүлэх, тэдэнд туслах, нөхөн сэргээх ажлыг хувийн хэвшил, иргэний нийгэм, залуучуудын дэмжлэгтэйгээр зохион байгуулна.
3.18.1.                        Хорих болон засан хүмүүжүүлэх байгууллагад хоригдож байгаа өсвөр үе, залуучуудад зориулсан сэтгэл заслын үйлчилгээ, соёл, спорт, хүмүүжлийн арга хэмжээг өсвөр үе, залуучуудын төрийн бус болон холбогдох мэргэжлийн байгууллагын оролцоотой зохион байгуулж байх;
3.18.2.                        Гэмт хэрэгт өртөж нийгмээс тусгаарлагдсан хүүхэд, залуучуудад боловсрол, мэргэжил олгох, хорих байгууллагаас суллагдах үед ажлын байраар хангах талаар бүх хэвшлийн байгууллагаас гаргасан санаачилгыг дэмжих;
                                                                                                   
3.18.3.                        Өсвөр үе, залуучуудын эрхийг хамгаалах, хорих байгууллагын үйл ажиллагаанд иргэний нийгмийн байгууллагаас хяналт тавих боломжийг өргөжүүлэх;
3.18.4.                        Өсвөр үе, залуучуудыг боловсрол эзэмших, гэрээгээр /захиалгаар/ аж ахуйн нэгжид хөдөлмөр эрхлэх боломж олгох талаар хууль тогтоомжид зохих өөрчлөлт оруулах асуудлыг судлах, ийм санаачилга гаргаж байгаа байгууллагын үйл ажиллагааг дэмжин ажиллах нөхцөлийг бүрдүүлэх.
3.18.4.1. 
Зорилт 3.19. Өсвөр үе, залуучуудыг аливаа хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүчирхийлэл үйлдэгчдийн зан үйлийг өөрчлөх таатай орчинг бүрдүүлнэ.
3.19.1.                        Өсвөр үе, залуучууд бие биенээ хүйс, хөрөнгө чинээ, эрүүл мэндийн байдал, яс үндсээр нь ялгаварлан гадуурхахаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн хүмүүжлийн ажлыг өргөжүүлэх, энэ талаархи иргэний нийгмийн байгууллагын санал санаачилгыг дэмжих;
3.19.2.                        Бухимдах, хүчирхийлэл үйлдэх, амиа егүүтгэхээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн ухуулга сурталчилгааг өргөжүүлж, хялбаршуулсан гарын авлага материалыг түгээх;
3.19.3.                        Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл, ялангуяа бэлгийн зорилгоор ашиглах, хил давуулан худалдахаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээх үйлчилгээг өсвөр үе, залуучуудын оролцоотойгоор зохион байгуулах;
3.19.4.                        Хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагаанд иргэний нийгэм, хувийн хэвшил, хууль хяналтын байгууллагын оролцоог хангах талаар хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж түүний хэрэгжилтэд өсвөр үе, залуучуудын хяналт тавих боломжийг өргөжүүлэх талаар арга хэмжээ авах;
          3.19.5. Хүүхэд, эмэгтэйчүүдийг хил давуулан худалдаалах явдалтай тэмцэх ажилд өсвөр үе, залуучуудыг оролцуулан, ялангуяа зуучлагч, худалдаалагчдын талаархи мэдээллийг олж авахад тэдэнтэй хамтран ажиллах.
Зорилт 3.20. Хүний эрхийг хангах үйл ажиллагаанд өсвөр үе, залуучуудын оролцох боломжийг өргөжүүлэх, дэмжлэг үзүүлэх эдийн засаг, нийгмийн таатай орчинг бүрдүүлнэ.
3.20.1.                        Хүний эрхийн түгээмэл тунхаглал болон холбогдох бусад олон улсын гэрээ болон Монгол Улсын хууль тогтоомжид хүний эрхийн талаар заасан ойлголт, мэдлэгийг сайжруулахад чиглэсэн сургалт, сурталчилгааг өсвөр үе, залуучуудын дунд өргөжүүлэх;
3.20.2.                        Өсвөр үе, залуучуудын боломж, хэрэгцээнд нийцсэн хууль зүйн тусламж, үйлчилгээ авах, бусдаас хамааралгүйгээр ээлтэй нөхцөлд мэдүүлэг өгөх боломжийг бүрдүүлэх;
3.20.3.                        Өсвөр үе, залуучуудын соёл, боловсрол, иргэний үүрэг, хариуцлагыг дээшлүүлэх ажлыг иргэний нийгмийн оролцоотой зохион байгуулах;
3.20.4.                        Сайн засаглалыг хөгжүүлэх, авилгалтай тэмцэх, түүнийг бууруулах үйл ажиллагаанд өсвөр үе, залуучуудыг оролцуулах.
Г. Даяарчлал болон өсвөр үе, залуучуудын талаар
Зорилт 3.21. Мянганы хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд өсвөр үе, залуучуудын оролцоог нэмэгдүүлж, даяарчлалын үйл явцыг улс орны хөгжилд нааштайгаар ашиглах таатай орчинг бүрдүүлнэ.
3.21.1.                        Хөгжлийн албан ёсны туслалцаа, техникийн хамтын ажиллагааны хүрээнд өсвөр үе, залуучуудын хөгжлийг дэмжих чиглэлээр холбогдох байгууллагатай хамтран ажиллах;
3.21.2.                        Залуу хүн бүр гадаад хэлийг сурах хөдөлгөөн өрнүүлэх;
3.21.3.                        Гадаад орны тэргүүний техик, технологи, "ноу-хау" авч ашиглах, үндэсний технологи бий болгон эзэмших өсвөр үе, залуучуудын идэвх санаачилгыг дэмжих.
Зорилт 3.22. Өсвөр үе, залуучуудын байгууллага хоорондын олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлнэ.
          3.22.1. Өсвөр үе, залуучуудын төлөөллийн байгууллагаас гадаад харилцаагаа өргөжүүлэх талаархи санал, санаачилгыг төрөөс дэмжин, хамтран ажиллах;
          3.22.2. Өсвөр үе, залуучуудын асуудлаар дэлхийн болон олон улсын хэмжээнд болсон хурал чуулганы шийдвэрийг сурталчлах, зохион байгуулагдах арга хэмжээнд өсвөр үе, залуучуудын төлөөллийг оролцуулж байх;
          3.22.3. Гадаад оронд Монгол Улсын нэр хүндийг хамгаалан, хууль ёсыг дээдлэн соёлтой ажиллаж амьдрах, зорчих, тухайн улс орны дэвшилтэт хөгжлөөс суралцан эх орондоо түгээн дэлгэрүүлэх талаар өсвөр үе, залуучуудад зориулсан ухуулга, сурталчилгааны ажлыг хэвлэл, мэдээллийн байгууллагын дэмжлэгтэйгээр зохион байгуулах;
          3.22.4. Олон улсын байдлыг ойлгон мэдэрч ардчиллын үнэт зүйлс, нийгмийн шударга ёс, үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалах хувь хүний итгэл үнэмшлийг төлөвшүүлэх талаархи өсвөр үе, залуучуудын төлөөллийн байгууллагын үйл ажиллагааг дэмжих.
Зорилт 3.23. Монгол орны онцлог, нөхцөл байдалд тохирсон мэдээлэл харилцааны технологийг хөгжүүлэхэд өсвөр үе, залуучуудын оролцоог хангана.
3.23.1.                        Өөрийн орны онцлогт тохирсон е-арилжаа, е-үйлчилгээг хөгжүүлэхэд өсвөр үе, залуучуудыг, ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй, ядуу, хүнд нөхцөлд байгаа болон алслагдсан нутгийн залуучуудыг оролцуулах, мэдээлэл, технологийн үр ашгаас хүртэж чадавхиа бэхжүүлэх боломжийг нэмэгдүүлэх талаар сурталчилгаа хийх;
3.23.2.                        Мэдээлэл харилцааны шинэ технологи, тоног төхөөрөмж, бүтээгдэхүүн, загварын үйлдвэрлэлийг бий болгож байгаа үндэсний үйлдвэрлэгчдэд хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлэх замаар залуучуудад мэдээллийн шуурхай, хямд үйлчилгээг хүртээмжтэй болгох.
Зорилт 3.24. Монголын өсвөр үе, залуучууд дэлхий дахинд нүүрлэж байгаа терроризмын аюул заналаас урьдчилан сэргийлэх талаар бусад орны өсвөр үе, залуучуудтай хамт даян дэлхийд энх амгалан байдлыг тогтооход хувь нэмэр оруулна.
3.24.1.                        Терроризмын хор уршиг, аюулт үр дагаврыг нийт иргэдэд ойлгуулан болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, сонор сэрэмжтэй амьдрах дадал, хэвшилтэй болгоход залуучуудын оролцоог нэмэгдүүлэх;
3.24.2.                        Цэргийн насны залуучуудыг цэргийн алба хаах нь эх орныхоо тусгаар тогтнолыг хамгаалах, дэлхийн энхийг сахиулах үйл хэрэгт оруулж байгаа хувь нэмэр болох талаархи сурталчилгааг залуучуудын дунд өргөжүүлэх;
          3.24.3. Хугацаат цэргийн алба хааж байгаа залуучууд болон цэргийн албан хаагчдын дунд хүчирхийллийн эсрэг хандлага төлөвшүүлэх үйл ажиллагаа явуулахыг дэмжих;
    3.24.4. Шашин шүтлэг, арьс үндсээр ялгаварлан гадуурхах байдлаас үүсч болзошгүй зөрчилдөөн, терроризмын аливаа үйлдэл гарахаас урьдчилан сэргийлэх ажилд үе тэнгийнхэн, иргэний нийгмийн оролцоог хангах.
        Дөрөв. Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт
4.1.           Хөтөлбөрийн хэрэгжилтийг улсын хэмжээнд уялдуулан зохицуулах, мэдээллээр хангах, хяналт тавих, жил бүр хэрэгжилтийн явцыг гаргаж Засгийн газарт тайлагнах үүргийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам хариуцна.
4.2.           Хөтөлбөрийн хэрэгжилтэд салбар дундын зохицуулалт хийх, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх үүргийг Хүн амын хөгжлийн асуудлаархи үндэсний хороо гүйцэтгэнэ.
4.3.           Орон нутагт хөтөлбөрийн хэрэгжилтийг удирдан зохицуулах, хяналт тавих үүргийг бүх шатны Засаг дарга хариуцан зохион байгуулна.
4.4.           Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд байгууллага, аж ахуйн нэгж, иргэд дараахь байдлаар оролцоно:
I. Бүх шатны төрийн захиргааны байгууллага:
                        4.4.1. Өсвөр үе, залуучуудын эрэлт хэрэгцээ, эрх ашгийг нь хамгаалах чиглэлээр холбогдох Олон улсын гэрээ, конвенцид нэгдэх, үндэсний хууль тогтоомж, хөтөлбөрийг шинэчлэн сайжруулах, хэрэгжүүлэх асуудлаар Улсын Их Хурал, Засгийн газарт асуудал боловсруулан оруулж шийдвэрлүүлэх, шаардлагатай хөрөнгийг бүрдүүлэх;
                        4.4.2. Хөтөлбөрт тусгасан асуудлыг салбарын бодлогод тусган хэрэгжүүлэх, өсвөр үе, залуучуудыг дэмжих талаар шийдвэр гаргагч, бодлого боловсруулагчдын чадавхийг бэхжүүлэх;
                        4.4.3. Хөтөлбөрийн асуудлаар байгууллага, аж ахуйн нэгжийг удирдамж, чиглэлээр хангах;
                        4.4.4. Иргэний нийгэм, төрийн бус байгууллагаас өсвөр үе, залуучуудын асуудлаар ирүүлсэн санал санаачилгыг судлан, төрийн гүйцэтгэх зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх болон хамтран ажиллах;
                        4.4.5. Өсвөр үе, залуучуудын асуудлаархи олон улсын гэрээ, конвенц, хурал зөвлөгөөний шийдвэр, үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн байдалд залуучууд, иргэний нийгмийн төлөөллийг оролцуулан хяналт-үнэлгээ хийх;
                        4.4.6. Хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар төрийн болон төрийн бус байгууллага, иргэний нийгэм, олон нийтийг мэдээллээр хангах, тэдний саналыг үйл ажиллагаандаа тусгах.
II.                   Төрийн бус байгууллага
4.4.7. Өсвөр үе, залуучуудын хэрэгцээнд тохирсон үйл ажиллагаа явуулах эрмэлзэл, манлайллыг хөгжүүлэх, зөвлөн туслах үйлчилгээг зохион байгуулах;
     4.4.8. Хөтөлбөрийн хэрэгжилтэд өсвөр үе, залуучуудын оролцоог хангах, хэрэгцээ, санал бодлыг төрийн байгууллагад хүргэх;
          4.4.9. Хөгжлийн бэрхшээлтэй, тэнэмэл, ядуу, хүнд нөхцөлд амьдардаг өсвөр үе, залуучуудыг нийгмийн идэвхтэй гишүүн болгоход чиглэсэн мэдээлэл, сургалт, сурталчилгааны ажил зохион байгуулах;
4.4.10. Хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, түүнд хяналт тавих чиглэлээр төрийн байгууллагатай хамтран ажиллах;
4.4.11. Хөтөлбөрийн холбогдох асуудлаар төсөл боловсруулан төрийн болон олон улсын байгууллага, хандивлагчдад хандах, хөрөнгө, нөөцийг дайчлах;
          4.4.12. Өсвөр үе, залуучуудын эрх ашигтай холбоотой асуудлаар санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх, нийгмийн амьдралд залуучуудын оролцох эрхийг хүндэтгэх, оролцоог дээшлүүлэх зорилгоор үндэсний, бүсийн хэмжээний хурал зөвлөгөөн зохион байгуулах, үндэсний хэмжээний болон олон улсын хурал зөвлөгөөн, сургалтад зохих төлөөллийг оролцуулж байх;
          4.4.13. Өсвөр үе, залуучуудын асуудлаар үйл ажиллагаа явуулдаг иргэн, байгууллагын чадавхийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
4.4.14. Өсвөр үе, залуучуудад зориулсан урлаг, спорт зэрэг арга хэмжээг зохион байгуулах.
III.    Хувийн хэвшил
4.4.15. Өсвөр үе, залуучуудын чиглэлээр зохион байгуулж байгаа зарим арга хэмжээг санхүүжүүлэх, дэмжлэг үзүүлэх;
4.4.16. Залуучуудад зориулсан урлаг, спорт зэрэг арга хэмжээ зохион байгуулах, тэдний тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх;
          4.4.17. Өсвөр үе, залуучуудад ээлтэй эрүүл ажлын байрыг бий болгох санаачилга гаргах.
                 IV. Хэвлэл мэдээллийн байгууллага
4.4.18. Өсвөр үе, залуучуудын талаар баримталж байгаа бодлого, арга хэмжээг сурталчлах, ил тод байдлыг хангах;
          4.4.19. Залуучуудын хэрэгцээнд тулгуурласан нийтлэлийн бодлогыг хэрэгжүүлэх, тэднийг хөгжүүлэх, өв тэгш хүмүүжүүлэхэд чиглэгдсэн, өдөр тутмын хэрэгцээт мэдээллийг олон нийтэд хүргэх;
          4.4.20. Өсвөр үе, залуучуудын хэрэгцээ, санал бодлыг хэвлэл мэдээллээр дамжуулан холбогдох байгууллагад хүргэх;
4.4.21.                        Олон улсын хэмжээний хурал зөвлөгөөн, төр, засгийн бодлого, шийдвэрийн талаар сурталчлах, түүний хэрэгжилтийн байдалд хяналт тавих, иргэдийн санал бодлыг тусгах;
           4.4.22. Өсвөр үе, залуучуудын онцлог, хэрэгцээ, байдлын талаархи олон нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх мэдээлэл, сурталчилгааны ажлыг зохион байгуулах.
            V. Сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний
                              байгууллага
           4.4.23. Өсвөр үе, залуучуудын онцлог, тулгамдсан асуудлыг судлан, хэрэгцээ шаардлагыг тодорхойлох;
           4.4.24. Хөтөлбөрийн талаархи мэдээллийн санг бүрдүүлэх, баяжуулж байх;
           4.4.25. Холбогдох байгууллагын захиалгын дагуу өсвөр үе, залуучуудын асуудлаар судалгаа хийж, бодлогын зөвлөмж боловсруулж, холбогдох байгууллагад хүргэх;
           4.4.26. Өсвөр үе, залуучуудын асуудлаар эрдэм шинжилгээний ажлыг өргөжүүлэх;
           4.4.27. Шинжлэх ухаан, технологийн сангаас болон төрийн захиалгаар залуу эрдэмтэн судлаачид, оюутнуудын хийсэн судалгаа, шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын үр дүнг бизнесийн байгууллагад сурталчлах, үйлдвэрлэгчдэд борлуулах, гэрээний үндсэн дээр шилжүүлэх ажлыг холбогдох яамд, Шинжлэх ухаан, технологийн сантай хамтран зохион байгуулах;
          4.4.28. Өсвөр үе, залуучуудын төлөө ажилладаг мэргэжилтэн, сэтгүүлчид, судлаач, хуульчийг бэлтгэх, чадавхийг нь бэхжүүлэх, давтан сургах ажлыг төр, төрийн бус байгууллага, олон улсын байгууллагатай хамтран зохион байгуулах.
                            VI. Өсвөр үе, залуучууд
          4.4.29. Олж авсан мэдлэг, мэдээллээ баталгаажуулах, амьдралдаа хэрэглэх ур чадвар эзэмших;
          4.4.30. Найдвартай, идэвхтэй оролцогч байх хүсэл, эрмэлзлээ илэрхийлэх;
          4.4.31. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр санал бодлоо илэрхийлэх, ардчилсан удирдлага, өөрийгөө илэрхийлэх чадварт суралцах;
          4.4.32. Байгууллага, аж ахуйн нэгжээс зохион байгуулж байгаа арга хэмжээнд оролцох, мэргэжлийн байгууллагаас гаргасан зөвлөмж, заавар, мэдээллийг хэрэгжүүлэх, бусдадаа үлгэр дууриал болж байх;
          4.4.33. Өсвөр үе, залуучуудад сөргөөр нөлөөлж байгаа зар сурталчилгаа, зуучлалд хяналт тавих, холбогдох байгууллагад мэдээлэхэд оролцож байх;
          4.4.34. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцож, төлөөллийн байгууллагатайгаа нягт хамтран ажиллах.
Тав. Хөтөлбөрийн хяналт-шинжилгээ, үнэлгээ
5.1. Хөтөлбөрийн хэрэгжилтэд үе шат бүрээр дараахь үзүүлэлтийг үндэслэн хяналт-шинжилгээ хийнэ:
                            А. Статистик мэдээлэл
5.1.1. Бүх шатны боловсролд хамрагдагсдын хүйсийн харьцааны үзүүлэлт;
5.1.2. 10-15 насны хүүхдийн сургууль завсардалтын хувь;
5.1.3. 19-35 насны хүн амын ажилгүйдлийн болон ажил эрхлэлтийн түвшин;
5.1.4. 18-35 насны хүн амын нийгмийн даатгалд хамрагдалт;
5.1.5. 15-17 насны охидын төрөлтийн хувь;
5.1.6. Зонхилон тохиолдох өвчин, ялангуяа осол гэмтэл, хорт зуршлаас үүдэлтэй өвчлөл, нас баралтын түвшин;
      5.1.7. 18-35 насны залуучуудын үйлдсэн гэмт хэргийн тоо.
Б. Байгууллагын дотоод мэдээлэл,
үйл ажиллагааны тайлан
 5.1.8. Орон сууцны зээлд залуучууд хамрагдсан байдал:
      5.1.9. Өсвөр үе, залуучуудын үндэсний хөтөлбөрийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд зарцуулсан хөрөнгийн хэмжээ;  
      5.1.10. Хөтөлбөрт тусгагдсан үйл ажиллагааг тухайн салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөрт тусгасан байдал;
      5.1.11. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд хамтран ажилласан байгууллагын тоо;
      5.1.12. Хамтран ажилласан байгууллагаас зарцуулсан хөрөнгийн хэмжээ.
                             В. Түүвэр судалгаа
  5.1.13. Залуучуудын ядуурлын байдал;
        5.1.14. Нөхөн үржихүйн эрүүл мэнд, Бэлгийн замын халдварт өвчин, ХДХВ/ДОХ-ын талаархи мэдлэг хандлага;
        5.1.15. Жирэмслэлтээс урьдчилан сэргийлэх хэрэгслийн хэрэглээ;
    5.1.16. Архи, тамхи, мансууруулах бодисын хэрэглээ;
        5.1.17. Өсвөр үе, залуучуудын амьдралын хэвшил, хэрэглээнд гарч байгаа өөрчлөлтийн хандлага.
5.2. Хөтөлбөрийн хэрэгжилтийн байдалд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг хүн амын бодлогын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний асуудал хариуцсан нэгж эрхлэн гүйцэтгэнэ.
5.3. Хөтөлбөрийн хяналт-шинжилгээ, үнэлгээний ажилд иргэний нийгэм, ялангуяа өсвөр үе, залуучуудын оролцоог хангах боломжийг бүрдүүлнэ.
---------оОо--------

No comments:

Post a Comment